27.1 дугаар зүйл. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах
1.Зөөх, тээвэрлэх зориулалттай хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг устгасан, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, буруу дохио, анхааруулга өгсөн, үүнтэй төстэй аюултай үйлдэл хийх замаар төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, эсхүл бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Золгүй учрал гарах нөхцөлийг зориуд бүрдүүлэх, өөр гэмт хэргийг нуун далдлах, өөр гэмт хэрэг үйлдэхийн тулд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд нөлөөлж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/