29.10 дугаар зүйл. Терроризмыг санхүүжүүлэх

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

29.10 дугаар зүйл. Терроризмыг санхүүжүүлэх

/Энэ зүйлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг хориг арга хэмжээг зөрчиж үйлдсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хориг арга хэмжээг зөрчиж хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг албадан татан буулгана.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: - Энэ зүйлд заасан "хориг арга хэмжээ" гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баталсан үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ, түүнчлэн Засгийн газраас терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн баталсан жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ойлгоно.

Энэ зүйлд заасан гэмт хэргийн талаар төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.