29.7 дугаар зүйл. Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах
1.Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, дипломат элч, гадаад улсаас Монгол Улсад албан ёсны, ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэр бүл, Монгол Улсад өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүн, олон улсын байгууллагын ажилтан, тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг үйлдэхдээ олон улсын хамгаалалтад байдаг хүнийг алсан, барьцаалсан, их хэмжээний хохирол учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.