5.7 дугаар зүйл. Эрх хасах ял
1.Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
3.Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.
4.Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг хүүхдийн эсрэг, эсхүл 16 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ
/Энэ бүлгийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/