9.7 дугаар зүйл. Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9.7 дугаар зүйл. Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх

1.Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан бол доор дурдсан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ:

1.1.бусад хуулийн этгээдтэй нийлүүлэн нэг хуулийн этгээд үүсгэсэн бол шинээр бий болсон хуулийн этгээдэд;

1.2.бусад хуулийн этгээдэд нэгтгэсэн бол нэгтгэж авсан хуулийн этгээдэд;

1.3.хуваах, тусгаарлах замаар өөр хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэн авсан хувь хэмжээгээр нь зохих хуулийн этгээдэд;

1.4.хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөгдөн зохион байгуулагдсан хуулийн этгээдэд;

1.5.компани нь толгой компани, түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэрэг үйлдсэн бол толгой компанид.

2.Хэргийг хянан шийдвэрлэх явцад хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор санаатайгаар татан буулгасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг эд хөрөнгө хуваарилагдсан хувьцаа эзэмшигчдэд, үндэслэлгүйгээр аливаа хэлбэр, арга, хэрэгслээр эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг тухайн хуулийн этгээдээс шилжүүлэн авсан нэгдмэл сонирхолтой этгээд, эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн бусад хуулийн этгээдээс нөхөн гаргуулна.

3.Хуулийн этгээдэд энэ зүйлийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах боломжгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй бол шүүгч гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн гэмт хэрэгт холбогдох эд хөрөнгө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байсан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

4.Энэ зүйлд заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахаас өмнө тухайн гэмт хэргийн талаар мэдсэн эсэхээс нь үл хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

ТУСГАЙ АНГИ

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.