20 дугаар зүйл. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан хориглох зүйл
20.1.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно:
20.1.1.хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх;
20.1.2.хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах;
20.1.3.эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах;
20.1.4.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
20.1.5.гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх;
20.1.6.хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх;
20.1.7.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;
20.1.8.нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах;
20.1.9.олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях.