23 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэлийн тайлан, мэдээллийн сан
23.1.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь тариалангийн газрын ангилал тус бүрээр болон тариалсан таримал, сорт, үр, техник, хураасан ургацын мэдээг сум, дүүргээр нэгтгэн, тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 2 болон 4 дүгээр улиралд хүргүүлнэ.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хэмжээнд нэгтгэн, Засгийн газарт танилцуулна.
23.3.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сантай байна.
23.4.Энэ хуулийн 23.1-д заасан мэдээ гаргах, хүргүүлэх болон энэ хуулийн 23.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.