119 дугаар зүйл. Шүүхийн магадлал
119.1.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна.
119.2.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.
119.3.Магадлалыг шүүх хуралдааны оролцогчдод танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
119.4.Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ.
119.5.Магадлалд энэ хуулийн 123.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.
119.6.Энэ хуулийн 119.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.