3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."захиргааны байгууллага" гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг;
3.1.2."захиргааны үйл ажиллагаа" гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг;
3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;
3.1.4."анхан шатны шүүхийн шийдвэр" гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг;
3.1.5."шүүхийн тогтоол" гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг;
3.1.6."магадлал" гэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг;
3.1.7."шүүгчийн захирамж" гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг;
3.1.8."шийтгэвэр" гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага оногдуулсан шийдвэрийг;
3.1.9."захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд" гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;
3.1.10."хүн" гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг.
3.1.11."гомдол" гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.
/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/