39 дугаар зүйл. Эд мөрийн баримт
39.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйлийг эд мөрийн баримт гэнэ.
39.2.Эд мөрийн баримтыг хэрэгт, эсхүл тусгай байр, саванд тодорхой бүртгэлтэйгээр хадгална.
39.3.Шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний байгаа газарт нь үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
39.4.Шаардлагатай бол уг эд мөрийн баримтын талаар гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлэн хэрэгт хавсаргах, эсхүл түүнийг битүүмжилж болно.
39.5.Хүнсний болон түргэн муудаж, гэмтэх бусад эд зүйлд үзлэгийг шүүхээс хэргийн оролцогчдод мэдэгдэж даруй хийнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол үзлэг хийж дууссаны дараа эд зүйлийг эзэмшигчид буцаан олгоно.
39.6.Шаардлагатай бол эд мөрийн баримтыг эзэмшигч, эсхүл эд мөрийн баримт байгаа газрын баг, хорооны Засаг дарга, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хадгалуулж болно. Хадгалахаар авсан этгээд эд мөрийн баримтыг хэвийн байдлаар хадгалах үүрэгтэй.
39.7.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол эд мөрийн баримтыг эзэмшигчид буцаан олгох бөгөөд гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг хэрэгт үлдээнэ.