50 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох
50.1.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгоно.
50.2.Шүүх хуралдаанаас өмнө давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан этгээд уг гомдлоосоо татгалзвал тухайн шатны шүүгч гомдлыг гаргаагүйд тооцож, гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.
50.3.Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн тохиолдолд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
50.4.Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
50.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
50.6.Энэ хуулийн 91.3-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг буцаах тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.