59 дугаар зүйл. Шүүхэд дуудан ирүүлэх
59.1.Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.
59.2.Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.
59.3.Шүүхийн мэдэгдэх хуудсыг ирвэл зохих оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын хаягийн дагуу шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх, эсхүл утас, факс, цахим шуудан, цахилгаан болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
59.4.Мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргэсэн бол шүүх хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж байгаа он, сар, өдрийг тэмдэглэж, шүүхийн болон шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна.
59.5.Газар нутгийн онцлогоос шалтгаалан шүүх мэдэгдэх хуудсыг биечлэн хүргэхийг өөр этгээдэд даалгаж болно.
59.6.Мэдэгдэх хуудсыг түүнд заасан этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.
59.7.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газартаа болон ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.
59.8.Тухайн этгээд мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ талаар мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
59.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн бол энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй тохиолдолд мэдэгдэх хуудсыг түүний шүүхэд бүртгүүлсэн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 59.6, 59.7-д заасан хүн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.
59.10.Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч, бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч албадан ирүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
59.11.Энэ хуулийн 59.10-т заасан ажиллагааг эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.