65 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
65.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ:
65.1.1.хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал;
65.1.2.хэргийн оролцогч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа;
65.1.3.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
65.1.4.хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй;
65.1.5.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын дээд шүүхэд санал оруулсан;
65.1.6.хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн;
65.1.7.энэ хуулийн 33, 35, 40 дүгээр зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа.
65.2.Энэ хуулийн 65.1-д зааснаас бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.
65.3.Энэ хуулийн 65.1-д заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.
ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ