70 дугаар зүйл. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

70 дугаар зүйл. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах журам

70.1.Шүүгч дараахь хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ:

70.1.1.нотлох баримт, гаргуулах хасуулах; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

70.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх;

70.1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх;

70.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.

70.2.Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ.

70.3.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

70.4.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй тухай шүүхэд мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй.

70.5.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно.

70.6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.

70.7.Энэ хуулийн 70.1.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно.

70.8.Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно.

70.9.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцаж болно.

70.10.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.

ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ТОВЛОН ЗАРЛАХ, ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН, ШҮҮХ ХУРАЛДААНЫ ОРОЛЦОГЧ, ХУРАЛДААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.