75 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг
75.1.Захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
75.2.Иргэдийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
75.2.1.шүүхийн байранд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;
75.2.2.нотлох баримт шинжлэхэд оролцох;
75.2.3.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
75.2.4.нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах;
75.2.5.хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах;
75.2.6.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
75.2.7.энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.
75.3.Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.