8 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг, хэлбэр /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.
8.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл болон мэддэг хэл, бичгээр, хэрэв хөгжлийн бэрхшээлтэйн улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах эрхтэй.
8.3.Шүүх энэ хуулийн 8.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг хэргийн оролцогчид орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй.
8.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна.
8.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./