11 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагааны зарчим
11.1.Барилгын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
11.1.1.механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;
11.1.2.галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулаас хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг зураг төсөлд тусгах;
11.1.3.хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх;
11.1.4.хүний аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж физик, хими, биологи, цацраг, өндөр хэлбэлзлийн долгионы болон бусад хортой бодисын нөлөөллөөс хамгаалагдсан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;
11.1.5.барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх;
11.1.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах: барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан байхаар төлөвлөгдөн баригдсан байх;
11.1.7.барилгын үйл ажиллагаанд ногоон хөгжлийн бодлого, ногоон барилгын шаардлагыг хэрэгжүүлэх: дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан, дулаан, уур, усны эх үүсвэрийг үр ашигтай төлөвлөх.
11.1.8.шинээр барилга барих, сэргээн засах, түүхийн дурсгалт барилга байгууламжийн эзлэхүүнт орон зай, орчин, нүүр болон шинэ талд үндэсний агуулга, хэлбэр, дүр төрхийг илэрхийлсэн үзэл баримтлал, шинэ санаа, шийдэл гаргах, архитектурын бүтээл туурвиж бий болгох, төлөвлөх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./