14 дугаар зүйл. Барилга байгууламжид тавих шаардлага

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Барилга байгууламжид тавих шаардлага

14.1.Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:

14.1.1.зураг төслийн дагуу баригдсан байх;

14.1.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх;

14.1.3.байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;

14.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх.

14.2.Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна.

14.3.Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.

14.4.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ.

14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно.

14.6.Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.

14.7.Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна.

14.8.Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.6-д заасны дагуу зохицуулна. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.9.Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг тогтоох дүрмийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.10.Энэ хуулийн 14.9-т заасан хугацаа дуусгавар болсноор цаашид ашиглах эсэх асуудлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.11.Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа дуусгавар болсноор захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, барилгын материал ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, экспертийг энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

14.12.Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа дуусгавар болсны дараа тухайн барилга байгууламжийг энэ хуулийн 14.10-т заасан эрх бүхий байгууллага цаашид ашиглаж болохыг тогтоовол энэ хуулийн 49.2.1-д заасан ашиглалтын гэрчилгээ олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.