4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.2."барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээ" гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулсныг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгох баримт бичгийг;

4.1.3."барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг;

4.1.4."барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг;

4.1.5."барилга байгууламжийг засварлах, тоноглох" гэж ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь буюу хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;

4.1.6."барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт" гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг;

4.1.7."барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх" гэж барилга байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэлт хийх үйл ажиллагааг;

4.1.8."барилга байгууламжийн техникийн нөхцөл" гэж барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг;

4.1.9."барилга байгууламжийн хамгаалалтын горим" гэж барилгын ажил түр зогсох хугацаанд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, барилгын бүрэлдэхүүн хэсгийг эвдэрч гэмтэхээс хамгаалах, барилгын ажлыг үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийг;

4.1.10."барилга байгууламж шинээр барих" гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг;

4.1.11."барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;

4.1.12."барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.13."барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;

4.1.14."барилгын ажлын талбай" гэж барилгын ажил гүйцэтгэж байгаа газрыг;

4.1.15."барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;

4.1.16."барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг;

4.1.17."барилгын материал" гэж стандарт, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хангасан барилга байгууламжид хэрэглэгдэх эрдэс, түүхий эд, материал, бүтээц, бүтээгдэхүүн, эдлэхүүнийг;

4.1.18."барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг" гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг;

4.1.19."барилга байгууламжийн техникийн улсын хяналт" гэж барилгын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоохоор хяналт хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдээс хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

4.1.20."барилгын үйл ажиллагаа" гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг;

4.1.21.“барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.22."барилгын хөрөнгө оруулагч" гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг;

4.1.23."бие даасан эх үүсвэр, шугам сүлжээ" гэж тухайн барилга байгууламжийн хэрэгцээг хангахад зориулан барих ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг инженерийн хангамжийн шугам сүлжээ, байгууламжийг;

4.1.24."буулгалтын ажил" гэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон барилга байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах үйл ажиллагааг;

4.1.25."гадна тохижилтын ажил" гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг;

4.1.26."гүйцэтгэлийн зураг" гэж батлагдсан зураг төслийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан барилгын ажлын зураг төслийг;

4.1.27."загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.28."засварын ажил" гэж барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчлөхгүйгээр барилга байгууламжийг засварлах, түүнд суурилуулсан цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, механик тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих зэрэг үйл ажиллагааг;

4.1.29."зөвлөх үйлчилгээ" гэж барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм, нормативын баримт бичиг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автоматжуулалт, тохируулга, зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтооход шаардлагатай мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;

4.1.30."зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;

4.1.31."зураг төсөл зохиогч" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг;

4.1.32."зураг төсөл зохиогчийн хяналт" гэж барилгын ажил, зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг зохиогчоос хянаж байгаа үйл ажиллагааг;

4.1.33."инженерийн дэд бүтэц" гэж авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг;

4.1.34."инженер хайгуулын судалгаа" гэж барилгын ажил гүйцэтгэхээс өмнө тухайн газрын инженер-геологи, геотехник, гидрогеологи, газар хөдлөлт, байгаль, ус цаг уурын нөхцөл, газрын төлөв байдал, орчны архитектур төлөвлөлт, тохижилт, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгээр хангах боломжийг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг;

4.1.35."инженерийн шугам сүлжээ" гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг;

4.1.36."өргөх байгууламж" гэж босоо болон хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх, тээвэрлэх зориулалт бүхий суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг;

4.1.37."төвлөрсөн бус инженерийн шугам сүлжээ" гэж тодорхой талбай, эсхүл барилга байгууламжид ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбооны үйлчилгээ нийлүүлэх зориулалт бүхий байгууламжийг;

4.1.38."төвлөрсөн инженерийн шугам сүлжээ" гэж төв суурин газар, түүний тодорхой хэсэгт орших барилга байгууламжийг ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбооны төвлөрсөн эх үүсвэртэй холбох үндсэн байгууламжийг;

4.1.39."төвөгшил" гэж барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдлыг;

4.1.40."тэг тэнхлэг" гэж барилга байгууламжийн үндсэн хэмжээ, түвшинг улсын геодезийн сүлжээнд холбосон газар дээрх тэмдэглэгээг;

4.1.41."үе шатны ажил" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллыг;

4.1.42."паспортжуулах" гэж ашиглагдаж байгаа барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж, баталгаажуулахыг;

4.1.43."эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.