15 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох нөхцөл
15.1.Бүх шатны сургалтын байгууллага болон мэргэжлийн сургалтын төв нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид амьдрах ухаан, мэргэжлийн ур чадварыг үр дүнтэй эзэмшүүлэх бөгөөд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.1.тухайн суралцагчийн онцлогт тохирсон хамгийн зохистой арга хэлбэрээр боловсрол олгох;
15.1.2.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг онцлог хэрэгцээнд нь тохирох ном, сурах бичиг, гарын авлага, материал, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;
15.1.3.сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг явуулах;
15.1.4.сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн заах арга зүй, арга барил эзэмшсэн багш, сурган хүмүүжүүлэгч явуулдаг байх;
15.1.5.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурах идэвхи, санаачилгыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн брайль үсэг, дохионы хэл болон харилцааны бусад арга хэлбэрийг хэрэглэх, орон зай, чиг баримжааны чадвар олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;
15.1.6.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бие дааж амьдрах чадвар олгох, бүрэн болон бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн бол цаашид суралцах, эсхүл хөдөлмөр эрхлэх, мэргэжлээ сонгоход нь туслалцаа үзүүлэх;
15.1.7.элсэлтийн шалгалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд нээлттэй, хүртээмжтэй, онцлог хэрэгцээ, шаардлагыг нь хангасан орчин, нөхцөлд авах;
15.1.8.боловсролын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй оюутныг ажил олгогчдод танилцуулах, зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах.
15.2.Бүх шатны сургалтын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
15.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
15.4.Хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн ганцаарчилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тухайн сургалтын байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөл, эцэг эхийн оролцоотойгоор боловсруулж батална.
15.5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн явц, ахицын өөрчлөлтийг сургууль, цэцэрлэгийн удирдлага эцэг, эхийн оролцоотой хэлэлцэж, дүгнэлтийг энэ хуулийн 37.2.1-д заасан комисст хүргүүлнэ.
15.6.Элсэлтийн шалгалтад тэнцэж, дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний мэргэжлийн, дипломын боловсрол болон бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг боловсролын зээлийн сан хариуцна. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.7.Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авах зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн тухайн жилийн төсөвт тусгана. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
15.8.Энэ хуулийн 15.6-д заасан сургалтын зардлын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
15.9.Энэ хуулийн 15.7-д заасан ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийн жагсаалт, зардлын хэмжээ, олгох журмыг боловсрол болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
15.10.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь харьяалах засаг захиргааны нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны боловсролын байгууллагыг энэ хуулийн 15.1-д заасан сургалтын орчныг бүрдүүлэхэд зориулж тусгай хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж, холбогдох зардлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.11.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын онцлог хэрэгцээг хангах сургалтын хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага, дохионы хэлний толь бичиг зохиох, хэвлэх, түгээх, засан сайжруулах, брайль болон программ хангамжийг монгол хэл рүү хөрвүүлэх, сургалтын тоног төхөөрөмжийг худалдан авах болон шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
15.12.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үдийн хоолоор үйлчлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.13.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./