38 дугаар зүйл. Барьцаалбарыг шилжүүлэх

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Барьцаалбарыг шилжүүлэх

38.1.Барьцаалагч нь барьцаалбарыг худалдах, барьцаалах зэргээр бусдад шилжүүлж болно.

38.2.Барьцаалбараар гэрчлэгдсэн эрхийг түүнд бичилт хийх замаар шилжүүлэх бөгөөд уг барьцаалбар шилжсэнээр шаардах эрх хамт шилжинэ.

38.3.Барьцаалбарт заасан эрхийг шилжүүлэхдээ уг барьцаалбарт шинээр эрх олж авсан этгээд нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, эрх шилжүүлсэн үндэслэлийн талаархи бичилт хийнэ.

38.4.Энэ хуулийн 38.3-т заасан бичилтэд уг барьцаалбарт заасан барьцаалагч гарын үсэг зурах бөгөөд барьцаалбарын бичилт нь анхных биш бол өмнөх бичилтэд заасан барьцаалбар эзэмшигч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлнэ.

38.5.Барьцаалбараар гэрчлэгдсэн эрхийг өөр этгээдэд шилжүүлснээр уг барьцаалбараар гэрчлэгдсэн бүх эрх хамт шилжсэнд тооцно.

38.6.Барьцаалуулагч барьцаалбарыг шилжүүлэхээс өмнө үндсэн гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлсэн бол гэрээний үүргийг тухайн хэмжээгээр гүйцэтгэсэн гэж үзнэ.

38.7.Хэрэв барьцаалбарыг эзэмших эрх нь барьцаалбарт заасан эзэмшигчийн эрхийг шилжүүлэх тухай гэрээ болон өмнөх эзэмшигчийн уг барьцаалбарт хийсэн сүүлчийн бичилтэд үндэслэсэн бол шинэ эзэмшигчийг хууль ёсны гэж үзнэ.

38.8.Гуравдагч этгээд Иргэний хуулийн 210.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн барьцаагаар хангагдах үүргийг бүрэн гүйцэтгэсэн бол уг этгээд барьцаалбарт заасан эрхийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд энэ шаардлагыг хангахаас татгалзвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

38.9.Барьцаалбарыг шилжүүлж байгаа этгээд нь энэ тухай болон барьцаалбарын шинэ хууль ёсны эзэмшигчийн нэр, хаяг, дараагийн төлбөрийг хийх хугацааны талаар барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.