46 дугаар зүйл. Барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдах

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

46 дугаар зүйл. Барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдах

46.1.Барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг барьцаалагч, барьцаалуулагчийн харилцан тохиролцож сонгосон, ийнхүү тохиролцоогүй бол барьцаалагчийн сонгосон үл хөдлөх эд хөрөнгө худалдах асуудлаар мэргэшсэн, хөндлөнгийн хуулийн этгээд гэрээний үндсэн дээр зохион байгуулна.

46.2.Дуудлага худалдааны анхны үнийг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тогтооно.

46.3.Дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийг баримтлан нээлттэй зохион байгуулна.

46.4.Иргэний хуулийн 197.20-д заасан тэмдэглэл, мөн хуулийн 197.23-т заасан гэрээ нь шинэ өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно.

46.5.Дараахь тохиолдолд дуудлага худалдаа болоогүй гэж үзнэ:

46.5.1. өрсөлдөөн гараагүй;

46.5.2.ялагч нь өөрийн санал болгосон үнийг гэрээнд заасан хугацаанд зохих дансанд оруулаагүй.

46.6.Энэ хуулийн 46.5-д заасан тохиолдол бий болсон бол ажлын хоёр өдөрт багтаан дуудлага худалдаа болоогүй тухай мэдээллийг анхны зар нийтлэгдсэн хэвлэлд нийтлүүлнэ.

46.7.Барьцаалагч нь дуудлага худалдаа болоогүй гэж зарласнаас хойш 10 хоногийн дотор барьцаалуулагчтай тохиролцож гэрээ байгуулан барьцааны зүйлийг дуудлага худалдааны анхны үнээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй.

46.8.Энэ хуулийн 46.7-д заасан тохиролцоонд хүрч чадаагүй бол анхны дуудлага худалдаа явуулснаас хойш нэг сараас илүүгүй хугацааны дотор дуудлага худалдааг дахин явуулна.

46.9.Энэ хуулийн 46.5.1-д заасан үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулбал энэ хуулийн 46.2-т заасан үнийг 20 хүртэл хувиар бууруулна.

46.10.Энэ хуулийн 46.5.2-т заасан үндэслэлээр дуудлага худалдааг дахин явуулах анхны үнийг энэ хуулийн 46.2-т зааснаар тогтооно.

46.11.Дуудлага худалдааг дахин явуулахад энэ хуулийн 46.3-т заасныг баримтална.

46.12.Энэ хуулийн 46.9, 46.10-т заасан дуудлага худалдаа амжилтгүй болсон бол барьцаалагч нь энэ хуулийн 46.2-т заасан үнийн 40 хувиас илүүгүй үнээр барьцааны зүйлийг авах эрхтэй.

46.13.Энэ хуулийн 46.3, 46.7, 46.8, 46.12-т зааснаар барьцааны зүйлийг худалдах буюу барьцаалагч өөрийн шаардлагад тооцон авахдаа Иргэний хуулийн худалдах-худалдан авах гэрээний журмыг баримтална.

46.14.Энэ хуулийн 46.13-т заасны дагуу барьцааны зүйлийг худалдсан буюу өөрийн шаардлагад тооцон авсан, эсхүл барьцаалагч нь энэ хуулийн 46.12-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй бол барьцааны эрх дуусгавар болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.