62 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах
62.1.Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барилга байгууламж, орон сууц барих, засан сайжруулах зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах гэрээ байгуулахаас өмнө барьцаалагч нь барьцаалуулагчид дараахь мэдээллийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгч, тайлбарлах үүрэгтэй: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
62.1.1.барьцаалагч, түүнийг төлөөлөх этгээдийн нэр, хаяг;
62.1.2.зээлийн зориулалт;
62.1.3.зээлийг буцаан төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх бол ийнхүү хэсэгчлэн төлөх хугацаа, хэмжээ, зээлийн үндсэн өр болон хүүгийн хуваарилалт, төлөх газар, төлбөр хийх арга;
62.1.4.хувьсах хүүтэй зээлийн хувьд зээлийн хүүгийн өөрчлөлтийг тодорхойлох томъёо, өөрчлөлтийн давтамж;
62.1.5.хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгчийн төлбөл зохих зээлтэй холбоотой даатгалын, нотариатын болон бүртгэлийн хураамж, бусад зардал;
62.1.6.зээлдэгч зээлийн үндсэн өр болон түүний хүүг бүхэлд нь буюу тэдгээрийн хэсгийг урьдчилан төлөх боломжтой эсэх, хэрэв боломжтой бол ийнхүү урьдчилан төлөхтэй холбоотой нөхцөл;
62.1.7.зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг алдаж болох тухай болон тухайн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үе шаттай арга хэмжээ;
62.1.8.барьцааны гэрээний нөхцөл, барьцааны зүйлийг ашиглах, захиран зарцуулах талаар тавих хязгаарлалт, эд хөрөнгийг хадгалж хамгаалах, гэрээнд заасан бол даатгуулах үүрэг;
62.1.9.барьцааны зүйлийг үнэлүүлэх шаардлагатай эсэх, хэрэв шаардлагатай бол үнэлгээ хийх этгээд.
62.2.Энэ хуулийн 62.1-д заасан мэдээллийг өгөх журам, маягтыг Монголбанк (Төвбанк), Санхүүгийн зохицуулах хороо батлах бөгөөд уг журмыг зөрчсөн бол мэдээлэл өгөөгүй гэж үзнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ