15 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, түүнд тавих шаардлага
15.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:
15.1.1.тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;
15.1.2.нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх;
15.1.3.улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй;
15.1.4.бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй.
15.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
15.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, залгамж чанарыг хадгалах зорилгоор анхны гишүүнээс дөрвийг буюу өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөллийн тус бүр хоёр гишүүнийг гурван жилээр, бусад таван гишүүнийг зургаан жилээр сонгож, цаашид энэ хуулийн 15.2-т заасан хугацааг баримтлан баталгаажуулна.
15.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүний өмчлөгчийн төлөөллөөс бусад төлөөллийн гишүүний энэ хуулийн 15.3-д заасан хугацааг сугалаагаар шийдвэрлэнэ.
15.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор нэг удаад удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хүртэлх тооны гишүүнийг нөхөн сонгоно.
15.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүнээс нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар олонхийн саналаар сонгоно.
15.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
15.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нас барсан, түүнийг энэ хуулийн 15.10-т зааснаар эгүүлэн татсан бол насаар хамгийн ахмад гишүүн шинэ даргыг сонгох хүртэл үүргийг нь гүйцэтгэнэ.
15.9.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, хэрэв санал болгоогүй тохиолдолд насаар хамгийн ахмад гишүүн орлоно.
15.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараахь үндэслэлээр эгүүлэн татна:
15.10.1.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
15.10.2.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
15.10.3.энэ хуулийн 15.1-д заасныг зөрчсөн нь сонгогдсоны дараа тогтоогдсон;
15.10.4.өөр ажилд шилжих болсон, улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
15.10.5.өмчлөгчийг төлөөлөх гишүүний албан тушаал өөрчлөгдсөн;
15.10.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд дараалан гурав ба түүнээс дээш удаа биечлэн оролцоогүй.
15.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
15.11.1.энэ хуулийн 15.21-д заасан урамшууллаас гадна албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шууд буюу шууд бусаар бэлэг, үйлчилгээ, мөнгөн орлого, зээл, тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
15.11.2.тухайн төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад нэгдмэл сонирхолтой этгээдийг санал болгох, захиалгын нийлүүлэгчээс ашиг авах;
15.11.3.гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох.
15.12.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 15.10, 15.11-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татах болон чөлөөлөхийг хориглоно.
15.13.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, нас барсан, эсхүл энэ хуулийн 15.10, 15.11-д заасан үндэслэлээр эгүүлэн татсан, чөлөөлсөн тохиолдолд энэ хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн болон сонгон шалгаруулсан хүнийг эрх бүхий этгээд нэг сарын дотор баталгаажуулна.
15.14.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.
15.15.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа, шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга, эсхүл таваас доошгүй гишүүний санал болгосноор хуралдуулна.
15.16.Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.
15.17.Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
15.18.Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн, санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал, санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийн тухай тэмдэглэл хөтөлж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд удирдах зөвлөлийн дарга хуралдааны тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулна.
15.19.Төлөөлөн удирдах зөвлөл тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
15.20.Төлөөлөн удирдах зөвлөл орон тооны нэг ажилтантай байна.
15.21.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшуулал, зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг эмнэлгийн төсвөөс санхүүжүүлнэ.
15.22.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллын жишиг хэмжээ, олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
15.23.Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар нээлттэй сонгон шалгаруулна.
15.24.Энэ хуулийн 15.23-д заасан нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хурал доор дурдсан төлөөллийг оролцуулан тус тусдаа хуралдана:
15.24.1.даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийг сонгох;
15.24.2.эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох;
15.24.3.эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг сонгох.
15.25.Энэ хуулийн 15.23-д заасан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах байгууллага нэр дэвшүүлэн сонгох хурлын товыг 14 хоногийн өмнө олон нийтэд нээлттэй зарлана.
15.26.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага дараахь шаардлагыг хангасан байна:
15.26.1.сүүлийн зургаан сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан;
15.26.2.тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;
15.26.3.санхүүгийн зөрчилгүй.
15.27.Нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 15.23-т заасан сонгон шалгаруулалтын дагуу даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг нэг эмнэлгийн сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлж, хуралд тухайн байгууллагын төлөөлөл нэг санал өгөх эрхтэйгээр оролцоно.
15.28.Эмнэлэг тус бүрийн нэр дэвшүүлэн сонгох хуралд энэ хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан нэр дэвшигчийг танилцуулж, илээр санал хураан олонхийн санал авсан нэг нэр дэвшигчийг, эсхүл нэр дэвшигчийн аль нь ч олонхийн саналыг аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг энэ хуулийн 15.30-д заасан эрх бүхий этгээдэд хурлын тэргүүлэгчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэлийг баталгаажуулан хүргүүлнэ.
15.29.Нэр дэвшүүлэн сонгох хурлыг зохион байгуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.30.Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна.