17 дугаар зүйл. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт
17.1.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс дараахь аргаар санхүүжүүлнэ:
17.1.1.энэ хуулийн 6.2-т заасан тусламж, үйлчилгээний жагсаалтыг нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргаар;
17.1.2.нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаа, арга хэмжээний зардлыг эдийн засгийн ангиллаар;
17.1.3.түргэн тусламжийн үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
17.1.4.жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үетэй холбоотой эх барихын тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
17.1.5.эмнэлгийн яаралтай тусламжийн зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар;
17.1.6.гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эдийн засгийн ангиллаар; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.7.аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврах явцад гэмтсэн, өвчилсөн иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар.
17.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан тусламж, үйлчилгээний зардлыг тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
17.3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв энэ хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуульд зааснаас бусад тохиолдолд иргэнээс төлбөр авч тусламж, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмэлт оруулсан./