3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг;

3.1.2."эмнэлэг" гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

3.1.3."өрхийн эмч" гэж өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүний их эмчийг;

3.1.4."эрүүл мэндийн даатгал" гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.1-д заасныг;

3.1.5."эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ" гэж эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний илгээсэн үйлчлүүлэгчид энэ хуулийн 8.1-д заасан байгууллагаас үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг;

3.1.6."хяналт тавих" гэж эрх бүхий байгууллагаас эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн холбогдох хууль тогтоомж, заавал мөрдөх стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, шалгах, үнэлэх, зөвлөн туслах цогц арга хэмжээг;

3.1.7."нэг иргэнээр тооцсон төлбөрийн арга" гэж өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг өрхийн эмчид бүртгүүлсэн иргэнээр тооцохыг;

3.1.8."тохиолдолд суурилсан төлбөрийн арга" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг.

/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.