11 дугаар зүйл. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглох

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглох

11.1.Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:

11.1.1.бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох;

11.1.2.зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, худалдан авагчаар хуваарилах;

11.1.3.бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах;

11.1.4.уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа, түүний нэг багц, хэсэгт харилцан хамаарал бүхий этгээдтэй хамт оролцох, эсхүл бусад оролцогчтой өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулах, эсхүл үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцох. /Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Аж ахуй эрхлэгчдийн хооронд байгуулсан дараахь гэрээ, хэлцэл (картель) нь нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр бол хориглоно:

11.2.1.эдийн засгийн болон технологийн үндэслэлгүйгээр аж ахуйн харилцаа тогтоохоос татгалзах;

11.2.2.барааг гуравдагч этгээдэд худалдах, худалдан авахыг хязгаарлах;

11.2.3.өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах;

11.2.4.аж ахуйг ашигтай эрхлэх зорилгоор аль нэг байгууллагад гишүүнээр элсэхэд нь өрсөлдөгчид саад учруулах.

11.3.Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) -ийг дэмжиж оролцохыг хориглоно.

11.4.Энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаархи бодит мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт Монополын эсрэг газарт ирүүлсэн этгээдэд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.