13 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох
13.1.Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
13.2.1.аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;
13.2.2.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;
13.2.3.тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн;
13.2.4.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн;
13.2.5.зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн;
13.2.6.аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг бусад байгууллага, аж ахуй эрхлэгчид зээлээр олгоход чиглэсэн;
13.2.7.аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн.
13.3.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд[3] заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.
13.4.Засгийн газраас нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ГУРАВДУГААР БYЛЭГ
МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ /Энэ бүлгийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./