4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."бараа бүтээгдэхүүн" гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг;
4.1.2."зах зээл" гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;
4.1.3."аж ахуй эрхлэгч" гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг;
4.1.4."өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг;
4.1.5."ноёлох үйл ажиллагаа" гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг;
4.1.6."харилцан хамаарал бүхий этгээд" гэж тухайн аж ахуй эрхлэгчтэй Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцаа бүхий аж ахуй эрхлэгчийг;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.7."бараа бүтээгдэхүүний хүрээ" гэж харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг;
4.1.8."зах зээлийн газар зүйн хил хязгаар" гэж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр зах зээлээс худалдан авах боломж нь эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нутаг дэвсгэрийг;
4.1.9."зах зээлийн төвлөрөл" гэж зах зээлд аж ахуй эрхлэгчийн дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдийн борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг;
4.1.10."зах зээлийн хүч" гэж аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нөлөө үзүүлэх чадварыг.