3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."зэвсэгт хүчний байгуулалт" гэж зэвсэгт хүчнийг байгуулах, бэхжүүлэх, бэлтгэхэд чиглэсэн төрийн бодлогоор тодорхойлогдох харилцан уялдаа бүхий арга хэмжээний цогцыг;

3.1.2."Төрийн цэргийн номлол" гэж тайван цагт болон дайны үед зэвсэгт хүчнийг ашиглах үзэл баримтлал, арга замыг тодорхойлсон баримт бичгийг;

3.1.3."цэргийн захиргааны удирдлага" гэж цэргийн бэлэн байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, хянах, зохицуулах үйл ажиллагааг;

3.1.4."зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлага" гэж зэвсэгт хүчинд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээг тогтоох, хэрэгжилтийг хангах, зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих үйл ажиллагааг;

3.1.5."цэргийн мэргэжлийн удирдлага" гэж зэвсэгт хүчний стратегийн бодлого, төлөвлөлтийг боловсруулахад оролцож, цэргийн бодлогыг тодорхойлох, командлагч, захирагчид дэмжлэг үзүүлэх, төрөл мэргэжлийн цэргийн анги, байгууллага, салбарыг удирдлагаар хангах үйл ажиллагааг;

3.1.6."иргэний хяналт" гэж хууль тогтоомжийн биелэлт, цэргийн удирдлагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт, зарцуулалтыг нээлттэй, ил тод хянах үйл ажиллагааг;

3.1.7."төрлийн цэрэг" гэж энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хуурай газар болон агаарын зайд бие дааж, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсгийг;

3.1.8."хуурай замын цэрэг" гэж нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, иргэний аюулгүй байдлыг гадны зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах цэргийн хүчнийг;

3.1.9."агаарын цэрэг" гэж улсын агаарын хил, агаарын зайн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах цэргийн хүчнийг;

3.1.10."цэргийн ажиллагаа" гэж зэвсэгт хүчний төрлийн цэргийн хүч, хэрэгслийг зохион байгуулалттайгаар хэрэглэхийг;

3.1.11."цэргийн нийтлэг дүрэм" гэж цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа, албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцааны хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн баримт бичгийг;

3.1.12."зэвсэглэл" гэж цэрэг, техник, зэвсэг, цэргийн зориулалт бүхий байгууламжид шууд хөнөөл үзүүлэх, өөрийн цэрэг, техник, байгууламжийг хөнөөлийн хэрэгслээс хамгаалах зориулалт бүхий зэвсэг, техникийн цогцыг;

3.1.13."цэргийн техник" гэж цэргийн ажиллагааны бүх төрлийн хангалтыг зохион байгуулах, цэргийг сургах зориулалт бүхий зэвсэгт тэмцлийн техник, тоног төхөөрөмжийг;

3.1.14."цэргийн нөөц" гэж зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарыг үүрэг гүйцэтгэх үед зарцуулах зориулалт бүхий хүн нэг бүр, зэвсэглэл, цэргийн техник, нэгтгэл, анги, салбарт тогтоосон бүх төрлийн нөөцийг;

3.1.15."цэргийн байрлал" гэж тайван цагт цэргийн нэгтгэл, анги, байгууллага, цэргийн сургуулийн талбар, бүс, цэргийн болон хээрийн хотхон, суурин, бааз болгон тогтоосон нутаг дэвсгэрийг;

3.1.16."зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал" гэж цагийн байдлын ямар ч нөхцөлд тогтоосон хугацаанд дээд командлалаас даалгасан үүргийг мадаггүй биелүүлэх цэргийн бодит чадварыг;

3.1.17."барилга-инженерийн цэрэг" гэж улсын онц чухал объект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, дайн байлдааны болон гамшгийн дараах сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, энхийг дэмжих ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргийн хүчнийг.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.