19 дугаар зүйл. Цэргийн жинхэнэ алба хаах болзол
19.1.Офицер, ахлагчийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг баримтлан албан тушаалд томилно.
19.2.Офицер, ахлагч нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
19.2.1.дипломын болон түүнээс дээш боловсролтой байх;
19.2.2.мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангасан байх;
19.2.3.биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх;
19.2.4.бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
19.2.5.цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх.
19.3.Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч болох бөгөөд офицер, ахлагчийн албанд авах уг иргэнийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулна.
19.4.Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, ар гэрийн гачигдлын улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энгийн албан тушаалтнаар томилогдсон бэлтгэл офицер, ахлагчийг цэргийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш таван жилийн дотор энэ зүйлийн 19.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд офицер, ахлагчийн албанд эгүүлэн авч болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт оруулсан./
19.5.Алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагч, энэ зүйлийн 19.3-т заасан наснаас хэтэрсэн цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг офицер, ахлагчийн орон тоонд ажиллуулахыг хориглоно.
19.6.Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно.
19.7.Офицерын удирдах албан тушаалд цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг ажиллуулахыг хориглоно.
19.8.Энэ зүйлийн 19.6-д заасан хугацаа нь ижил түвшний албан тушаалд сэлгэн ажиллуулах болон дэвшүүлэн томилогдсон тохиолдолд хамаарахгүй.