3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.2."цэргийн жинхэнэ алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг;
3.1.3."цэргийн дүйцүүлэх алба" гэж Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ёс зүйн болон энэ хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаахыг;
3.1.4."цэргийн бэлтгэл алба" гэж энэ хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд байх, дайчилгааны цугларалт, сургуульд оролцохыг;
3.1.5."цэргийн жинхэнэ алба хаагч" гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг;
3.1.6."офицерын алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад офицерын албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг;
3.1.7."ахлагчийн алба" гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг;
3.1.8."хугацаат цэргийн алба хаагч" гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг;
3.1.9."цэргийн гэрээт алба хаагч" гэж цэргийн байгууллагад сайн дураар гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг;
3.1.10."оюутан-цэрэг" гэж цэргийн мэргэжил олгох сургалтад сайн дураар хамрагдаж байгаа их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагчийг;
3.1.11."цэргийн сургуулийн сурагч" гэж цэргийн хөгжмийн болон цэргийн дунд сургуульд суралцагчийг;
3.1.12."цэргийн бэлтгэл үүрэгтэн" гэж цэргийн бүртгэлд байгаа Монгол Улсын иргэнийг;
3.1.13."цэргийн цол" гэж цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг илэрхийлсэн зэрэглэлийг;
3.1.14."цэргийн бүртгэл" гэж цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх бүртгэлийн тогтолцоог;
3.1.15."цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг;
3.1.16."цэрэгт бүртгэлтэй мэргэжил" гэж цэргийн алба хаагч, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн бүртгэлд авах шаардлага бүхий иргэний мэргэжлийг;
3.1.17."нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн" гэж цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг;
3.1.18."хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн" гэж цэргийн бүртгэлд байгаа цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүд болон цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийг.