33 дугаар зүйл. Цэргийн бэлтгэл албаны сургалт
33.1.Цэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн болон цэрэг-техникийн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжийн дагуу цэргийн мэргэжил олгох болон давтан бэлтгэх сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад татан оролцуулна.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.2.Бэлтгэл офицерын болон цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний давтан бэлтгэх сургалтыг Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын төлөвлөгөөгөөр төрлийн цэргийн командлал зохион байгуулна.
33.3.Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг зохион байгуулахдаа цэргийн чухал мэргэжлийн бэлтгэл офицерууд, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг таван жилд нэг удаа тус бүр нэг сараас доошгүй хугацаагаар явуулна.
33.4.Цэргийн нэгтгэл, ангийн байлдааны орон тоонд оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтнийг энэ зүйлийн 33.3-т заасан сургалтад хамрагдсан эсэхийг харгалзахгүйгээр цэргийн дайчилгаатай хээрийн сургуульд татан оролцуулна.
33.5.Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл офицерын цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалт болон цэргийн дайчилгаатай сургуулиас чөлөөлөх асуудлыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.6.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтад заавал хамруулна.
33.7.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтад хамрагдах нийт хугацаа гурван сар байна.
33.8.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.
33.9.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад төрлийн цэргийн командлал дэмжлэг үзүүлнэ.
33.10.Төрийн захиргааны бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл сургалтыг Засгийн газрын шийдвэрээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
33.11.Цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацаанд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг үндсэн байгууллага нь хэвээр хадгална.
33.12.Цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг Засгийн газрын тогтоосноор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
33.13.Цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацаанд ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан тохиолдолд тус байгууллагыг харьяалах дээд байгууллага, эсхүл тухайн байгууллагын үүргийг шилжүүлэн авсан байгууллага зохих ажлын байраар хангана.
33.14.Цэргийн бэлтгэл үүрэгтэн хууль тогтоомжийн дагуу цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтын үед өвчилж, түүнийг дуустал эдгэрээгүй бол цугларалт дууссан өдрөөс эхлэн ажиллаж байсан байгууллага эрхэлсэн ажил, албан тушаалыг хэвээр хадгалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.15.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бэлтгэл үүрэгтэн цэргийн анхан шатны болон дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үеийн цэргийн хангалтыг Дайчилгааны тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЦЭРГИЙН БҮРТГЭЛ