4 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хууль нь албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарна.
4.2.Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.
4.3.Энэ зүйлийн 4.2-т зааснаас гадна доор дурдсан нөхцөлийг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно:
4.3.1.гадаад улс болон орон нутагт албан томилолтоор ажиллах;
4.3.2.дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцах;
4.3.3.цэргийн сургалт бэлтгэл, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох;
4.3.4.улсын хил, онц чухал объектыг хамгаалах;
4.3.5.орон нутгийн хамгаалалтын арга хэмжээнд оролцох;
4.3.6.хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хорио цээрийн дэглэмийг сахиулах;
4.3.7.тэсэрч дэлбэрэх зүйл, цацраг идэвхт болон химийн хорт бодисыг аюулгүй болгох, устгах;
4.3.8.аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах;
4.3.9.энхийг дэмжих ажиллагаанд оролцох;
4.3.10.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох;
4.3.11.томилгоот бусад үүрэг гүйцэтгэх.
4.4.Цэргийн албанд татагдагч цэрэг татлагын байрнаас цэргийн анги, байгууллагад хүрэх, хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан иргэн цэргийн анги, байгууллагаас орон нутагт хүрэх хугацааг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.
4.5.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 4.5-д заасан албан тушаалын үүрэг гүйцэтгэсэн хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ