11 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх

11.1.Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

11.2.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, сонгуулийн эрх бүхий иргэн энэ хуульд заасан журмын дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.3.Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар гэдэгт дараах байгууллага хамаарна:

11.3.1.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам;

11.3.2.олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар;

11.3.3.Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар.

11.4.Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

11.5.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

11.6.Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

11.7.Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

11.8.Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.

11.9.Энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн, эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно.

11.10.Энэ хуулийн 11.4-т заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд доор дурдсан торгууль ногдуулна:

11.10.1.хувь хүнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

11.10.2.албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

11.10.3.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.

11.11.Төрийн албан хаагч энэ хуулийн 11.4-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үндэслэл болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.