113 дугаар зүйл. Нэхэмжлэл гаргах
113.1.Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийг шийдвэрлэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай[14] хуульд заасныг баримтална.
113.2.Хуульд зааснаас гадна нэхэмжлэлд дараах мэдээллийг тусгах буюу хавсаргах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
113.2.1.нэхэмжлэл гаргасан хүний нэр, эцгийн нэр, нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар;
113.2.2.шуудангийн хаяг;
113.2.3.холбоо барих хоёроос доошгүй утасны дугаар /өөрийн болон зайлшгүй шаардлагатай үед дамжуулан холбоо барьж болох этгээдийн/;
113.2.4.цахим шуудангийн хаягтай бол цахим шуудангийн хаяг;
113.2.5.нэхэмжлэгчийг төлөөлөх төлөөлөгч томилсон бол төлөөлөгчийн нэр, эцгийн нэр, төлөөлөгчийн нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар;
113.2.6.нэхэмжлэгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, нотариатаар гэрчлүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
113.2.7.нэхэмжлэл гаргах үндэслэл, түүний нотолгоо, баримт, түүнчлэн ямар асуудал шийдвэрлүүлэхийг хүсч байгаа талаар.
113.3.Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.
113.4.Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх гэж уг шийдвэр сонгуулийн байгууллагын цахим хуудсанд байрших, байгууллагын мэдээллийн самбарт нээлттэй гарахыг ойлгох бөгөөд хуульд заасан бол шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байхыг мөн ойлгоно.
113.5.Сонгуулийн байгууллагад гаргасан өргөдлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан бол шийдвэрлэж дуусахаар хуульд заасан өдрөөс эхэлж нэхэмжлэл гаргах хугацааг тоолно.
113.6.Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй.
ӨРГӨДӨЛ ШИЙДВЭРЛЭХ