139 дугаар зүйл. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

139 дугаар зүйл. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

139.1.Дараах этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй:

139.1.1.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа;

139.1.2.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран.

139.2.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж тав хоногийн хугацаанд дуусгана.

139.3.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

139.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;

139.3.2.хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;

139.3.3.нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх;

139.3.4.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

139.4."Монгол Улсын уугуул иргэн" гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгааг ойлгоно.

139.5."Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан" гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.

139.6.Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.

139.7.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

139.8.Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.