142 дугаар зүйл. Нэр дэвшигч, түүнийг бүртгэх
142.1.Нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ:
142.1.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл;
142.1.2.нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
142.1.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;
142.1.4.өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;
142.1.5.өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
142.1.6.төрийн жинхэнэ албан хаагч байсан хүний тухайд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, түүнчлэн ажил албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар;
142.1.7.нэр дэвшигчийн намтар
142.1.8.сонгуулийн мөрийн хөтөлбөр;
142.1.9.төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг нотолсон архивын лавлагаа/;
142.1.10.сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт;
142.1.11.нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харьяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг
142.1.12.нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлт;
142.1.13.нэр дэвшигчийн намтар;
142.1.14.нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намуудын дүрэм.
142.2.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, баримт бичгийн загварыг батална.
142.3.Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг сонгуулийн төв байгууллага эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно.
142.4.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, хамтарсан намуудын ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
142.5.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
142.6.Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нэг өдөр олгоно.
142.7.Нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нэр дэвшүүлсэн нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.
142.8.Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.