16 дугаар зүйл. Ээлжит сонгууль, түүний санал авах өдрийг товлон зарлах

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Ээлжит сонгууль, түүний санал авах өдрийг товлон зарлах

16.1.Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.2.Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.3.Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.

16.4.Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна.

/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.5.Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна.

16.6.Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид "гадаадад санал авах өдөр" гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.

16.7.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гамшиг болон аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг зогсоох буюу хойшлуулах шийдвэр гаргана.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.8.Ээлжит сонгуулийг хойшлуулсан, зогсоосон нөхцөл байдал арилсны дараа Улсын Их Хурал ажлын таван өдөрт багтаан ээлжит сонгуулийг санал авах өдрийн хамт товлон зарлана.

16.9.Ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.