75 дугаар зүйл. Нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүн
75.1.Нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.
75.2.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежертэй байх ба шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй, ухуулагч 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй байна.
75.3.Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг орон нутгийн хурлын сонгуулиар тухайн шатны аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
75.4.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн менежер, шадар туслагчийн үнэмлэхийг сонгуулийн төв байгууллага, ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороо тус тус олгоно.
75.5.Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд зөвхөн үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг сонгуулийн зардлаас гаргуулах бөгөөд холбогдох журмыг сонгуулийн төв байгууллага батална.
75.6.Энэ зүйлд заасныг зөрчиж илүү олгосон сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг анх олгосон байгууллага нь хүчингүй болгоно.