77 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх
77.1.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь дараах төрөлтэй байна:
77.1.1.нэр дэвшигчийн;
77.1.2.нам, эвслийн.
77.2.Нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй:
77.2.1.гурван хэвлэлийн хуудас сонин;
77.2.2.гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;
77.2.3.хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас;
77.2.4.хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар;
77.2.5.гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан.
77.3.Сонгуульд оролцогч нам, эвсэл буюу нам, эвслийн сонгуулийн штаб дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй:
77.3.1.сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан дөрвөн хэвлэлийн хуудас сонин, эсхүл сэтгүүл;
77.3.2.гурван хэвлэлийн хуудас бүхий сонгуулийн сурталчилгааны бусад материал.
77.4.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид, түүнчлэн нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвсэл хамтран сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар гаргаж болно.
77.5.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал нь нэгдмэл байдалтай бол нүүр тус бүр нь тухайлсан нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан байна.
77.6.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, хэлбэрээс үл хамааран нүүр тус бүрийн доор тухайн материалыг эрхлэн хэвлүүлсэн нэр дэвшигч, нам, эвслийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг дурдах ба хариуцлагыг сонгуулийн штабын удирдлага хүлээнэ.
77.7.Зурагт болон ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна дараах газар үнэ төлбөргүй байрлуулж болно:
77.7.1.зориулалтын зарлалын самбар;
77.7.2.нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шон.
77.8.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.
77.9.Зурагт болон ухуулах хуудсыг гудамж талбайд байрлуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож орчныг бохирдуулахыг хориглоно.
77.10.Зурагт болон ухуулах хуудас нь А3 бичгийн цаасны хэмжээнээс илүүгүй хэмжээтэй байна.
77.11."Нэг хэвлэлийн хуудас" гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.
77.12.Сонгуулийн сурталчилгааны материалын нийт хэмжээг сонгогчдод тараасан хэвлэмэл материалын нийлбэрээр тооцно.
77.13.Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
77.14.Сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгуулийн штабын ажилтан, ухуулагчаар дамжуулан хүргэхээс гадна шуудангаар хүргүүлж болно.
77.15.Гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг хууль бусаар устгах, бохирдуулахыг хориглоно.
77.16.Тухайн тойрогт нэр дэвшүүлж байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн танилцуулга, намтар, мөрийн хөтөлбөрийг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нэгтгэн хэвлэж, сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулж болно.
77.17.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал нь энэ хуулийн 77.2.1, 77.2.2-т заасан хэмжээнд хамаарна.
77.18.Энэ хуулийн 77.9-д заасныг зөрчсөн бол доор дурдсан торгууль ногдуулна:
77.18.1.нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
77.18.2.сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
77.19.Энэ хуулийн 77.15-д заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.