82 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах
82.1.Сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нэвтрүүлэг /цаашид "сурталчилгааны нэвтрүүлэг" гэх/-ийг өргөн нэвтрүүлгийн радио, телевизээр нэвтрүүлж болно.
82.2.Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг сонгуулийн төв байгууллагаас сонгуульд оролцогч нам, эвсэл, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тус бүрээр тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн үнэ төлбөргүй нэвтрүүлнэ.
82.3.Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нам, эвсэлд, түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс таваас доошгүй хоногийн өмнө батална.
82.4.Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.
82.5.Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна.
82.6.Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэл түүнчлэн нэг нэр дэвшигчид ногдоно.
82.7.Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.
82.8.Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг дараах баримт мэдээллийн хамт сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ:
82.8.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;
82.8.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;
82.8.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл.
82.9.Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг доор дурдсан баримт мэдээллийн хамт аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ:
82.9.1.сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон нарийвчилсан цагийн хуваарь;
82.9.2.сүүлийн зургаан сарын хугацаанд хийж байсан гурваас доошгүй зар сурталчилгаа /реклам/ нэвтрүүлэх гэрээ;
82.9.3.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн талаарх мэдээлэл.
82.10.Энэ зүйлд заасан журмын дагуу сонгуулийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлсэн телевиз, радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй.
82.11.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бусад баримтын хамт ирүүлээгүй телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
82.12.Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар нэвтрүүлнэ.
82.13.Сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх радио, телевиз нь сонгуульд оролцогч бүх нэр дэвшигч, нам, эвсэлд тэгш хандах үүрэгтэй.
82.14.Тухайн радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээ нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гаргасан мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.
82.15.Улс төрийн мэтгэлцээний талаарх нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус, түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн дөрвөөс доошгүй төлөөлөл оролцсон байна.
82.16.Сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчид шилжүүлэх, радио, телевизээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно.
82.17.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг сонгуулийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлнэ.
82.18.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллах ба энэ хуульд заасан зөрчил гаргахгүй байх, гарсан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээг цагдаагийн болон сонгуулийн байгууллага, мэргэшсэн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
82.19.Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх энэ хуульд заасан журам зөрчсөн радио, телевизэд нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин давтвал санал авах өдөр хүртэл үйл ажиллагааг нь тухайн зөвшөөрлийг олгосон байгууллага зогсооно.
82.20.Энэ хуулийн 82.5, 82.6, 82.12, 82.15, 82.16, 82.17-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
82.21.Энэ хуулийн 82.5, 82.12, 82.13, 82.17-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.