84 дугаар зүйл. Саналын хуудас
84.1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
84.1.1.агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчоос саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой;
84.1.2.сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан.
84.2.Сонгуулийн доор дурдсан саналын хуудас байна:
84.2.1.Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас;
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
84.2.2.Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас;
84.2.3.аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн саналын хуудас;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
84.2.4.сум, дүүргийн хурлын сонгуулийн саналын хуудас.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүй болсонд тооцсон./
84.3.Хамт явуулж байгаа сонгуулийн саналын хуудсыг нэг хуудас дээр хэвлэж болно. Энэ тохиолдолд тухайн сонгууль тус бүрийн саналын хуудсыг бие даасан байдлаар ойлгоно.
84.4.Хослон явуулж байгаа сонгуулийн саналын хуудсыг олонхийн, хувь тэнцүүлсэн тус бүрд нь бие даасан байдлаар ойлгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
84.5.Саналын хуудаст нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийнх нь нэрийг том үсгээр бичих ба нам, эвсэл нэр дэвшүүлсэн бол тухайн нам, эвслийн нэрийг хашилтад бичнэ.
84.6.Хувь тэнцүүлсэн тогтолцооны сонгуулийн саналын хуудаст нам, эвслийн нэрийг том үсгээр бичнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
84.7.Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудаст нэр дэвшигчийн цээж зураг байна.
84.8.Нам, эвслийн таних тэмдгийг намын нэр болон нэр дэвшигчийн нэрийн харалдаа байрлуулж болно.
84.9.Саналын хуудаст бичигдэх нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн талаарх мэдээллийн үнэн зөв байдлыг анх бүртгэсэн байгууллага нь хариуцна.
84.10.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.
84.11.Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.
84.12.Ээлжит сонгуулиас бусад орон нутгийн хурлын сонгуулийн саналын хуудсыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрхлэн хэвлүүлнэ.
84.13.Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
84.14.Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.
84.15.Энэ хуулийн 84.14-т заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:
84.15.1.аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
84.15.2.сонгуулийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.