92 дугаар зүйл. Санал авах байранд санал өгөх

СОНГУУЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

92 дугаар зүйл. Санал авах байранд санал өгөх

92.1.Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, саналаа биечлэн өгнө.

92.2.Сонгогчоос саналаа өгөхөд дараах зүйлийг хориглоно:

92.2.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;

92.2.2.өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

92.2.3.тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;

92.2.4.санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

92.2.5.саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;

92.2.6.саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;

92.2.7.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

92.3.Сонгогч нь саналын хуудасны зааварт заасан тэмдэглэгээний дагуу өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийг тэмдэглэж саналаа өгнө.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

92.4.Сонгогч саналаа санал бэлтгэх бүхээгт нууцаар тэмдэглэнэ.

92.5.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.

92.6.Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

92.7.Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа санал авах байраас гарна.

92.8.Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.

92.9.Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно.

92.10.Санал авах байр хураалгасан саналын хуудасны баруун дээд өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална.

92.11.Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болох ба сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.

92.12.Санал авах байр нь сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд нөлөөлөхгүйгээр санал авах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.

92.13.Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

92.14.Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах тодорхой арга хэмжээг сонгуулийн төв байгууллага авч хэрэгжүүлж болно.

92.15.Энэ хуулийн 92.10, 92.11-д заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 92.13-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

92.16.Энэ хуулийн 92.2-т заасныг зөрчсөн иргэн, холбогдох бусад этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.