97 дугаар зүйл. Санал тоолох
97.1.Хэсэгт санал тоолох ажиллагааг санал авах ажиллагаа дуусмагц эхэлж, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй явуулна.
97.2.Санал авах байр санал тоолох ажиллагааг гүйцэтгэхээс өмнө дараах ажиллагааг хийн тэмдэглэл үйлдэнэ:
97.2.1.санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн сонгогчдын тоо нь сонгогчдод олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тооцоо гаргах;
97.2.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган битүүмжилнэ.
97.3.Санал авах байр санал тоолохын өмнөх ажиллагааг хийсний дараа саналыг тоолно.
97.4.Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.
97.5.Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно.
97.6.Санал авах байр санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын дүнгийн хуудсыг хэвлэж авсны дараа санал хураалтын үр дүнгийн мэдээллийг сонгуулийн төв байгууллагад нэн даруй дамжуулна.
97.7.Санал хураалтын дүн мэдээллийг дамжуулах ажиллагаа явуулахгүй байх, саатуулах, зогсоохыг хориглоно.
97.8.Санал авах байр санал хураалтын дүнг дараах үзүүлэлтээр гаргана:
97.8.1.тухайн хэсэгт бүртгэгдсэн нийт сонгогчдын тоо;
97.8.2.санал өгсөн нийт сонгогчдын тоо;
97.8.3.нэр дэвшигч, бүрийн авсан хүчинтэй саналын тоо;
/Энэ заалтад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
97.8.4.нэр дэвшигч, бүрийн авсан хүчингүй саналын тоо.
/Энэ заалтад 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
97.9.Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.
97.10.Санал авахад зарцуулсан болон зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн санал авах байр хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл санал авах байр шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл саналын хуудсыг нэн даруй дахин тоолно.
97.11.Саналын хуудсыг нягтлан тоолоход саналыг тоолохгүй.
97.12.Саналын хуудас дахин тоолох үед зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, саналын хуудас тоолоход оролцсон сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
97.13.Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна.
97.14.Техникийн тооллого хийх журмыг сонгуулийн төв байгууллага батална.
97.15.Санал тоолох цаг болоогүй байхад санал тоолохыг хориглоно.
97.16.Санал тоолж эхэлсэн бол завсарлахыг хориглоно.
97.17.Энэ хуулийн 97.2, 97.3, 97.5, 97.6, 97.10, 97.12-т заасныг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.