19 дугаар зүйл. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх
19.1.Бүх шатны төсөв нь тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна.
19.2.Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.11, 14.1.14, 14.1.15, 14.1.19-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.3.Энэ хуулийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байна.
19.4.Энэ хуулийн 14.1.3, 14.1.7, 14.1.11, 14.1.14, 14.1.15-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.5.Сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай, аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
19.6.Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн томилж, чөлөөлнө:
19.6.1.улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай; /Энэ заалтад “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.6.2.энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр орон нутагт шилжүүлсэн төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдах төсвийн байгууллагын ахлах нягтлан бодогчийг аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төрийн сангийн хэлтсийн даргатай; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
19.6.3.аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
19.6.4.дүүргийн төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг дүүргийн төрийн сангийн хэлтсийн даргатай.
19.7.Төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.