27 дугаар зүйл. Төсвийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Төсвийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага

27.1.Төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагаас гадна дараах шаардлага тавигдана:

27.1.1.төсвийн зарчмыг мөрдлөг болгох;

27.1.2.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

27.1.3.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх;

27.1.4.жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх;

27.1.5.төсвийн төслийг хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр тодорхойлсон байх;

27.1.6.төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамруулсан байх;

27.1.7.орлого, зарлагыг дотоод гүйлгээнээс бусад нийт гүйлгээний дүнгээр төлөвлөж, бүртгэж, тайлагнах.

27.1.8.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан байх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

27.1.9.төрийн мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байх. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

27.1.10.тухайн жилийн төсвийн төсөлд Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангийн үлдэгдлийн хэмжээг тусгасан байх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.2.Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх жилийн төсвийн хязгаар нь дараах шаардлагыг хангасан байна:

27.2.1.төсвийн хязгаарыг урсгал болон хөрөнгийн зардлаар тогтоосон байх;

27.2.2.хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах шинэ болон үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилан тусгах.

27.3.Улсын төсөвт хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг тусгасан төсвийн удирдамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

27.4.Төсвийн удирдамжид дараах зүйлийг тусгана:

27.4.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тооцоо болон гаргасан шийдвэрийн талаарх холбогдох этгээдийн тайлбар; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

27.4.2.Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаар;

27.4.3.Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх бодлогын удирдамж; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.4.4.хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахад тавигдах ерөнхий болон тусгай шаардлага;

27.4.5.төсвийн төслийн санхүүжилтийн хүсэлт гаргах ерөнхий нөхцөл;

27.4.6.төсвийн төсөл бэлтгэх тусгай маягт, түүний заавар;

27.4.7.төсвийн төсөл хүргүүлэх хугацаа.

27.5.Орон нутгийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг төсвийн удирдамжид тусган, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчид хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

27.6.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө дараах эрэмбийг баримтална: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.6.1.шилжих буюу он дамжин хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.6.2.их засвар, засвар арчлалтын төсөл, арга хэмжээ; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.6.3.шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.