52 дугаар зүйл. Болзошгүй өр төлбөр
52.1.Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг Улсын Их Хурал болон нийтэд мэдээлнэ.
52.2.Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг жилийн болон тодотгосон төсвийн төсөл, төсвийн хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийн тайланд бүрэн тусгана.
52.3.Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээлэлд төрийн аудитын төв байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана.
52.4.Болзошгүй өр төлбөр, зээлийн баталгаа, эдгээрээс учирч болзошгүй эрсдэл, төлбөрийн хэмжээг тооцон мэдээлснийг тэдгээрийг хүлээн зөвшөөрч, өглөг үүсгэсэнд тооцохгүй.
52.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь болзошгүй өр төлбөрийн бүртгэл, хяналт, зохицуулалт, судалгаа болон магадлал, төсвөөс гарч болох зардлын хэмжээг тооцон бүртгэж, дүгнэлт гаргах, мэдээлэх чиг үүргийг гүйцэтгэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
52.6.Болзошгүй өр төлбөрийн талаар дараах мэдээллийг холбогдох этгээд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй ирүүлэх үүрэгтэй:
52.6.1.Засгийн газрын тусгай сангийн үүсгэсэн өр;
52.6.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр;
52.6.3.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу гаргасан баталгаа; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
52.6.4.Засгийн газрын өрийн баталгаа гаргасан зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ;
52.6.5.болзошгүй өр төлбөрт хамаарах болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан холбогдох бусад мэдээлэл.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
52.7.Болзошгүй өр төлбөрийн хүрээнд улсын төсвөөс тухайн төлбөрийг гүйцэтгэх эрсдэл үүссэн бол тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулж, шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/