35 дугаар зүйл. Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ
35.1.Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлнэ.
35.2.Түр хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд, сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно.Төрийн байгууллагын харьяанд байгуулсан түр хамгаалах байрны урсгал зардал, түр хамгаалан байрлуулж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн байгууллага хариуцна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
35.3.Түр хамгаалах байр хохирогчид энэ хуулийн 33.1.2, 33.1.3, 33.1.4, 33.1.5, 33.1.6-д заасан үйлчилгээг холбогдох байгууллагатай хамтран үзүүлнэ.
35.4.Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд хувьсах зардлыг тооцох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
35.5.Түр хамгаалах байрны байршил нууц байна.
35.6.Түр хамгаалах байрны аюулгүй байдлын хамгаалалтыг цагдаагийн байгууллага, эсхүл гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлнэ.
35.7.Шашны суртал, номлолыг дэлгэрүүлэх, ашиг олох, хууль бус үйл ажиллагааг халхавчлах зорилгоор түр хамгаалах байр байгуулах, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
35.8.Түр хамгаалах байранд хүчирхийлэл үйлдэгч нэвтрэх, аливаа хэлбэрээр хохирогчтой холбоо тогтоохоор оролдох, хохирогчид айдас, түгшүүр үүсгэх бусад үйлдэл хийх болон түр хамгаалах байрны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
35.9.Ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой эсэхээс үл хамааран түр хамгаалах байрны байршлын талаар мэдсэн этгээд энэ тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
35.10.Түр хамгаалах байрны стандартыг стандартчилал ,техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./