5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" /цаашид "хохирогч" гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;

5.1.3."нэг цэгийн үйлчилгээ" гэж хохирогчийг эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж болон энэ хуульд заасан бусад үйлчилгээг нэг доор үзүүлэх ажиллагааг;

5.1.4.“хамтарсан баг” гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд энэ хуулийн 37, 38.1.1, 40, 41, 42 дугаар зүйлд заасан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.5."түр хамгаалах байр" гэж хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулан энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий стандарт хангасан газрыг;

5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг;

5.1.7."холбон зуучлах үйлчилгээ" гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд учирсан сөрөг үр дагаврыг арилгах, хэвийн байдалд нь оруулах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор холбогдох төрийн, төрийн бус байгууллагад зуучилж, хамтран үйлчилгээ үзүүлэхийг;

5.1.8."хүчирхийллийн болзошгүй эрсдэл" гэж гэр бүлийн хүчирхийлэлд хүргэж болзошгүй, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэх нөхцөл байдлыг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.